БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Украины асуудлаарх Хятадын талын таван байр суурийг илэрхийллээ

2022-03-01 10:14

2022 оны 2 сарын 25-ны өдөр, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс, Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал хариуцсан дээд төлөөлөгч Жозеф Боррелл болон Францын ерөнхийлөгчийн Гадаад харилцааны зөвлөх Боннетэй утсаар ярьж, Украины нөхцөл байдлын талаар голчлон санал солилцлоо. Ван И Украины асуудлаарх Хятадын талын дараах таван байр суурийг илэрхийллээ.

1. Хятадын тал улс орнуудын бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн хамгаалахыг уриалж, НҮБ-ын эрхэм зорилго, зарчмыг мөрддөг. Хятад улс энэ байр суурин дээрээ тууштай, тодорхой байдаг. Украины асуудалд ч мөн адил энэ байр суурийг баримтална.

2. Хятадын тал нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзлийг баримтална. Нэг улсын аюулгүй байдлын төлөө бусад улсын аюулгүй байдлыг хохироож болохгүй, тэр тусмаа хүчлэх, тэр ч байтугай цэргийн бүлгийг өргөтгөх замаар бүс нутгийн аюулгүй байдлыг хангадаг байж болохгүй гэж үздэг. Хүйтэн дайны сэтгэлгээг бүр мөсөн орхих хэрэгтэй. Улс орнуудын аюулгүй байдлын зүй ёсны ашиг сонирхолыг хүндэтгэх хэрэгтэй. НАТО дорно зүгт тасралтгүй тавантаа тэлж байгаа нөхцөлд, ОХУ-ын аюулгүй байдлын тал дээрх зүй ёсны шаардлагыг чухалчилж, зохистой шийдвэрлэх нь зүйтэй.

3. Хятадын тал Украины асуудлын өрнөлийг байнга анхаарч байгаа. Украины одоогийн нөхцөл байдал нь бидний харахыг хүссэн зүйл биш. Одоогийн эн тэргүүний зорилт бол бүх талууд зохих тэвчээрийг гаргаж, Украины одоогийн нөхцөл байдал цааш муудах, түүнчлэн хяналтаас гарахаас сэргийлэх явдал юм. Энгийн иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалж, ялангуяа, томоохон хэмжээний хүмүүнлэгийн хямрал үүсэхээс сэргийлэх хэрэгтэй.

4. Хятадын тал Украины хямралыг энх тайвнаар шийдвэрлэх бүхий л дипломат хичээл зүтгэлийг дэмжин зоригжуулна. Хятадын тал ОХУ болон Украины хооронд түргэн хугацаанд шууд яриа хэлэлцээ хийхийг дэмжих болно. Украины асуудалд түүхийн ээдрээтэй зүйлүүд бий. Украин бол өрнө, дорныг холбосон гүүр байх ёстой болохоос их гүрний сөргөлдөөний фронт болж болохгүй. Хятадын тал мөн Европ болон ОХУ Европын аюулгүй байдлын асуудлаар эрх тэгш яриа хэлэлцээ хийж, аюулгүй байдлын хуваагдахгүй үзлийг баримталж, Европын аюулгүй байдлын эрх тэгш, үр ашигтай, тогтвортой тогтолцоог бий болгохыг дэмжинэ.

5. Хятадын тал НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины асуудлыг шийдвэрлэхэд бүтээлч хувь нэмрээ оруулж, бүс нутгийн тогтвортой байдал, улс орнуудын нийтлэг аюулгүй байдлыг чухалчлах хэрэгтэй хэмээн үзэж байна. Аюулгүйн зөвлөлийн авч хэрэгжүүлэх арга хэмжээ хурцадмал байдлыг намжаах учиртай болохоос үйл явдлыг дэвэргэх ёсгүй. Дипломат зарчмаар асуудлыг шийдвэрлэхэд тустай байх хэрэгтэй бөгөөд нөхцөл байдлыг улам дордуулах ёсгүй. Үүнтэй холбогдуулан, Хятадын тал хүч хэрэглэх, хориг арга хэмжээ авахыг зөвшөөрсөн Аюулгүйн зөвлөлийн тогтоолын долдугаар бүлгийг ямагт сайшаадаггүй.

Хятад улс Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон хийгээд хариуцлагатай их гүрний хувьд, олон улс дахь өөрийн үүргийг ямагт үнэнчээр биелүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийг хамгаалахад бүтээлч хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энх тайван, аюулгүй байдлын асуудалд, Хятад улс хамгийн сайн амжилттай улс. Бид хэзээ ч бусад улсад түрэмгийлж, төлөөллийн дайн өдөөж, эрхшээлийн цар хүрээг эрэлхийлж, цэргийн бүлэглэлд оролцож байгаагүй. Хятад улс энх тайван хөгжлийн замаар тууштай замнаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг байгуулахын төлөө ажиллах болно. Бид цаашид ч мөн бүх ноёрхогч хүчийг тууштай эсэргүүцэж, хөгжиж буй улс орнууд, ялангуяа, жижиг дунд улс орнуудын зүй ёсны, хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаална гэж Ван И хэллээ.