4 дүгээр сарын 29-ны өдөр Элчин сайд Шэнь Миньжуань Монголын “Өдрийн сонин”дахь “Хятадын элчин сайд Хятадын засаглалын тухай өгүүлэв” буланд, мөн Монголын хэвлэл мэдээллийн голлох цахим сайт болох news.mn-нд “Хятадын хүн дүрст роботууд хэрхэн тэргүүлж байна вэ?” гарчигтай өгүүллээ нийтлүүллээ. Өгүүллийн бүрэн эхийг дор хүргүүлэв:
Хятадын хүн дүрст роботууд хэрхэн тэргүүлж байна вэ?
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Шэнь Миньжуань

Саяхан нэгэн онцгой хагас марафон уралдаан Бээжин хотноо явагдаж, 100 гаруй хүн дүрст роботууд 12,000 хүмүүстэй хамт уралдан өрсөлдлөө. Ширүүн өрсөлдөөний эцэст “Аянга” нэртэй робот 50 минут 26 секундийн амжилтаар түрүүлсэн нь өнгөрсөн жилийн анхны уралдааны аваргаас 2 цагаар хурдан байсан төдийгүй хүн төрөлхтний хагас марафоны дэлхийн дээд амжилтыг ч шинэчлэн тогтоосон юм.
Миний санаж байгаагаар өнгөрсөн жилийн анхны уралдаанд оролцсон роботууд замын туршид олон саад, доголдолтой тулгарч, эцэст нь ердөө 6 баг л барианд орж чадсан. Гэтэл ердөө нэг жилийн дотор Хятадын хүн дүрст роботын ахиц дэвшлийн хурд нь “Аянга” роботын гүйлтийн хурдтай адил гайхалтай үр дүнд хүрлээ. Тэгвэл, Хятадын хүн дүрст роботууд хэрхэн тэргүүлж байна вэ?
Энэхүү амжилт нь Хятадын асар том зах зээл болон өргөн хэрэглээний орчноос үүдэлтэй. 1.4 тэрбум гаруй хүн ам, 400 саяас давсан дундаж орлоготой бүлэгт тулгуурлан Хятад улс дэлхийн хамгийн том, хамгийн их нөөц боломжтой хэрэглээний зах зээлийг бүрдүүлэхийн зэрэгцээ технологийн инновацад “туршилтын талбар”, “инкубатор”-ыг бий болгож буй хамгийн баялаг хэрэглээний орчныг бүрдүүлж байна. Өнгөрсөн онд Хятадын аж ахуйн нэгжүүд 330 гаруй төрлийн хүн дүрст робот бүтээгдэхүүнүүд танилцуулж, 14,400 ширхгийг зах зээлд нийлүүлснээр дэлхийн зах зээлийн 80 гаруй хувийг эзлэв. Энэ онд үйлдвэрлэл 100 мянгад хүрэх төлөвтэй байна. 24 цагийн турш тасралтгүй ажилладаг үйлдвэрлэлийн шугамын “ажилчин”-аас эхлээд уурхайд орж аюултай химийн бодистой холбоотой ажиллагааг гүйцэтгэх “инженер”, цаашлаад зоогийн газрын “үйлчлэгч”, асрамжийн газрын “асрагч” зэргээр хүн дүрст роботууд нь аж үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсрол, агуулах логистик, гэр ахуйн үйлчилгээ зэрэг олон салбарт чухал туслах хүч болж байна.
Энэхүү амжилт нь Хятад улс дэлхийн хамгийн иж бүрэн аж үйлдвэрийн тогтолцоог бүрдүүлж, инновацын чадавхаа тогтвортой дээшлүүлж байгаатай холбоотой. Хятадын үйлдвэрлэлийн салбарын нийт хүчин чадал 14 жил дараалан дэлхийд тэргүүлэхийн зэрэгцээ шинжлэх ухаан, технологийн бие даасан хөгжлийг тууштай дэмжин, олон чухал гол технологи болон “гацалтын цэг” технологийн саадыг даван туулав. “Хятадад үйлдвэрлэв” гэдэг ойлголт хэдийнээ “Хятадын ухаалаг үйлдвэрлэл”, “Хятадад бүтээв” болж өөрчлөгдсөн бөгөөд улсын инновацын индексийн нийлбэр үнэлгээ дэлхийд 9-д бичигдэж байна. Хүн дүрст робот нь дэвшилтэт үйлдвэрлэлийн том бүтээл бөгөөд Хятадын хүн дүрст роботын патент мэдүүлгийн тоо дэлхийд тогтмол тэргүүлж байна. Мөн суурь судалгаа, үндсэн материал, гол эд ангиас эхлээд бүрэн төхөөрөмж үйлдвэрлэл хүртэл бие даан хянах боломжтой, иж бүрэн аж үйлдвэрийн тогтолцоог бүрдүүлээд байна. Энэ жилийн Хаврын баярын гала тоглолтод танилцуулагдсан роботуудын гол эд ангиудыг дотоодод үйлдвэрлэсэн хувь 70%-ийг давсан ба цаашид 80%-д хүргэх зорилт тавиад байна.
Энэхүү амжилт нь Хятадын хиймэл оюун ухааны технологийн гүнзгий чадваржуулж буйтай холбоотой. Өнгөрсөн оны эхээр DeepSeek цойлон гарч ирснээс хойш хиймэл оюун ухааны салбарт “Хятадын давлагаа” өрнөж, Qwen, Kimi, GLM зэрэг дотоодын нээлттэй эх үүсвэртэй том загварууд олноороо хөгжиж эхэлсэн юм. Хятадад хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн тоо 6000 давж, хиймэл оюун ухааны патентын тоо дэлхийн нийт хэмжээний 60%-ийг эзэлж байна. Хятад улс “Хиймэл оюун ухаан +” хэмээх ойлголтыг анхлан дэвшүүлж, хиймэл оюун ухааныг бүхий л салбар болон өдөр тутмын амьдралд нэвтрүүлэхийг дэмжиж байна. Хүн дүрст робот нь биежсэн оюун ухааны хамгийн тохиромжтой илэрхийлэл юм. Хиймэл оюун ухаан нь роботын “тархи” болж, мэдрэх, суралцах, санах, шийдвэр гаргах зэрэг чадварыг олгоод зогсохгүй, роботын тасралтгүй шинэчлэл, сайжруулалтын хөдөлгүүр болж, судалгаа хөгжүүлэлтийн зардлыг мэдэгдэхүйц бууруулж байна. Ингэснээр роботууд лабораториос гарч, үйлдвэрлэл, үйлчилгээ, гэр ахуйн бодит орчинд нэвтэрч, хөгжлийг бодитоор урагшлуулан, хүн төрөлхтөнд үр өгөөжөө өгч байна.
Энэхүү амжилт нь Хятад улс шинэ тутам хөгжиж буй салбарууд болон ирээдүйн салбаруудыг урьдчилан тооцоолсон дарааллаар хөгжүүлж байгаатай холбоотой. Хятадын XV таван жилийн төлөвлөгөөний үндсэн баримт бичигт шинэ тутам хөгжиж буй болон ирээдүйн салбаруудыг дэмжин хөгжүүлэх талаар тодорхой тусгаж, робот үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зэрэг стратегийн шинэ салбаруудыг тодорхой тусгаж, биежсэн оюун ухааныг эдийн засгийн шинэ өсөлтийн цэг болгохыг онцолсон. Хятадын бүс нутаг бүр өөрийн хөгжлийн онцлогт тулгуурлан, аж үйлдвэрийн сан байгуулах, нээлттэй эх үүсвэртэй хамтын нийгэмлэг цогцлоон байгуулах зэргээр салбарын хөгжилд бүх талын дэмжлэг үзүүлж байна. Бээжин хотоор жишээ татахад, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн сард БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр “Бээжингийн Роботын их ертөнц”-өөр зочилсон бөгөөд, тус газар нь үзэсгэлэн, худалдаа, хэрэглээ, туршилт зэрэг олон чиг үүргийг нэгтгэсэн биежсэн оюун ухааны цогц платформ бөгөөд Бээжин хотын аж үйлдвэрийн кластерыг хөгжүүлж буй бодлогын бодит тусгал бөгөөд үүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Хятадын робот үнэхээр бүхнийг хамарч байна” хэмээн дүгнэн хэлсэн юм.
Урьдчилан тооцвол, технологийн шинэчлэл өдөр бүр хурдацтай ахиж буй энэ үед хүн дүрст роботууд илүү хурдан, илүү тогтвортой ажиллаж, хэрэглээний цар хүрээ нь улам бүр өргөжин тэлж, хүмүүсийн ажил, амьдралын хүчтэй туслагч болох нь тодорхой байна. Ирээдүйг эрэлхийлэх хамтын замд Хятад улс нь дэлхийн улс орнуудтай, ялангуяа дэлхийн өмнөдийн орнуудтай хөгжлийн туршлага, технологийн үр өгөөжийг хуваалцаж, ухаалаг технологийн ялгааг багасгаж, технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хамтын хөгжлийг дэмжин, бүхий л улс орны ард иргэдийн сайн сайхан амьдралыг бүтээлцэхэд бэлэн байна.