4 сарын 22-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монгол Улсын Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн багш, сурагчдын хамт “Хайр дүүрэн хамтдаа - Ангиргүйн амгаланд ирээдүйг угтъя” сэдэвт нөхөрсөг уулзалт зохион байгууллаа. Арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын Гишүүн Д.Цогтбаатар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Алтангэрэл, Монгол Улсын Боловсролын ерөнхий газрын төлөөлөл зэрэг зочид оролцов.
Элчин сайд Шэнь Миньжуань Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн багш, сурагчдын төлөөлөл БНХАУ-д айлчилж, Хөх хотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай боловсролын асуудлаар тусгайлсан санал солилцох уулзалт амжилттай болсонд нь баяр хүргэв. Тэрээр хэлэхдээ, Хятад улсын XV таван жилийн төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал болон халамжийн үйлчилгээний тогтолцоог улам сайжруулах зорилтуудыг дэвшүүлээд байна. Хятадын тал Монголын талтай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйл хэргийн туршлагаа хуваалцан, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна гэв.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хоёр орны тусгай боловсролын сургууль хооронд харилцаа холбоотой ажиллахад нь Хятадын тал дэмжлэг үзүүлж буйг сайшаагаад, цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох боловсрол, өсөлт хөгжилд анхаарал хандуулж ажиллах болно гэв. Мөн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр Хятадын талтай хамтран ажиллана гэж найдаж байгааг илэрхийлэв.
Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн захирал С.Батмягмар харилцаа холбоо тогтоож, Хятад улсад хийх айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулж ажилласан Хятадын талд талархлаа илэрхийлээд, Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйл хэргийн хөгжлийн ололт, амжилтууд нь айлчлалын бүрэлдэхүүнд өндөр сэтгэгдэл төрүүлсэн гэдгээ илэрхийлэв. Мөн тэрээр Хятадын тусгай боловсролын сургуультай харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлнэ гэж найдаж байна гэв.

Монгол Улсын Боловсролын ерөнхий газрын төлөөлөл Хятадын талд хүргүүлж буй талархлын бичгийг Элчин сайд Шэнь Миньжуаньд гардуулан өгөв. Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн сурагчид бүжиг, дохионы хэлээр дуу дуулах зэрэг урлагийн тоглолт толилуулж, Хятад улсад хийсэн айлчлын үеэр сурсан зүйлс болон баяр хөөртэй санал сэтгэгдлээ хуваалцлаа.