БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол дахь Бүс ба Зам хамтын хөгжил, судалгааны төв, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам зэрэг байгууллагууд хамтран “Монгол-Хятадын экологийн эдийн засгийн коридор” сэдэвт хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо саяхан зохион байгууллаа. Арга хэмжээнд 50 гаруй эрдэмтэн судлаач, бизнесийн төлөөлөгчид оролцов.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Люү Жиньжи хэлэхдээ, Хятад улс экологийн орчны хамгаалалт болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг гүнзгий уялдуулах ажлыг идэвхтэй ахиулж байгаа бөгөөд ойн бүрхэлтийн хэмжээ жил бүр нэмэгдэж, ногоон эрчим хүчний хэрэглээ нийт цахилгаан хэрэглээний 40 гаруй хувийг эзэлж байна. Мөн шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт дэлхийд 10 жил дараалан тэргүүлж байна. Хятадын тал Монголын цөлжилттэй тэмцэх, ховор ан амьтан хамгаалах зэрэг чиглэлд техникийн дэмжлэг болон үр дүнтэй туршлагаа хуваалцахад бэлэн байна гэв.
Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны бодлогын газрын дарга Эрдэнэтуяа хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хоёр улс Эгийн голын усан цахилгаан станц, Монгол-Хятадын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв болон жишиг бааз зэрэг төслүүдийг идэвхтэй урагшлуулж, ногоон хөгжлийн шилжилтийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна. Цаашид талууд экологийн орчны салбарын судалгаа, хэлэлцүүлгийг улам өргөжүүлж, хоёр улсын хамтын ажиллагаанд шинэ боломж бий болгоно гэдэгт найдаж байна гэв.

Арга хэмжээнд оролцсон эрдэмтэн судлаачид болон бизнесийн төлөөлөгчид хоёр орны экологийн хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлаар гүнзгий санал солилцлоо.