5-р сарын 15-нд Монгол дахь Хятад оюутнуудын нэгдсэн холбоог үүсгэн байгуулах хурал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд болов. Монголын 20 их, дээд сургуулийн 170 орчим хятад оюутнуудын төлөөлөл, мөн Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай байгууллага, Хятад иргэдийн холбоо болон сайн дурын багш нарын төлөөлөл оролцлоо.

Үүсгэн байгуулах хурал сүр жавхлант төрийн дууллаар нээлтээ хийв. Холбооны тэргүүнээр сонгогдсон Юань Жунмин холбооны хороог төлөөлөн үг хэлэхдээ, эх орноо хайрлах сэтгэлтэй байж, Монголд суралцаж буй бүх хятад оюутнуудыг нэгтгэн, шинэ үеийн Хятадын оюутнуудын эерэг дүр төрхийг харуулж, холбоогоо оюутнуудын хамгийн нөмөр түшигтэй газар болгохын төлөө ажиллана гэдгээ илэрхийлэв.
Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ, тус холбоо Хятад улсын XV таван жилийн төлөвлөгөөний эхлэл, мөн Хятадын Коммунист нам байгуулагдсаны 105 жилийн ойтой зэрэгцэн, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн бүтээн байгуулалт шинэ шатанд гарч буй чухал цаг үед байгуулагдаж байна гэв. Тэрээр оюутнуудад хандан, гадаадад суралцаж буй хятад залуусын эрч хүчтэй дүр төрхийг бодит үйлдлээрээ харуулж, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлж, Хятад, Монголын уламжлалт найрамдлыг залгамжлан хөгжүүлж, улс орныхоо түүх болон хоёр орны найрсаг харилцааны түүхийг түгээхийг уриалав.
Мөн Элчин сайд Шэнь Миньжуань оюутнуудыг эв нэгдэлтэй байж, бие биедээ тусалж, хичээл сурлагадаа шамдан, хамтын хүчээр холбоогоо сайтар хөгжүүлэхийг хүсэн ерөөв.

Арга хэмжээний үеэр оролцогчид “Ерөнхийлөгчийн захиас — Хятад залуусын цаг үе” бичлэгийг хамтдаа үзэж, оюутнууд залуу насны эрч хүчийг илэрхийлсэн тоглолт үзүүллээ. Тэд Хятад, Монголын найрамдлын үйл хэрэгт залуу насны хүчээ зориулна гэдгээ нэгэн дуугаар илэрхийлж байв.