Элчин сайд Шэнь Миньжуань Монголын “Өдрийн сонин” дахь “Хятадын Элчин сайд Хятад улсын засаглалын тухай өгүүлэв” буланд “Төрийн тэргүүн нарын уулзалтууд дэлхийн анхаарлыг Бээжинд төвлөрүүлэв” гарчигтай өгүүлэл нийтлүүлэв

2026-05-28 21:00

5 дүгээр сарын 28-ны өдөр Элчин сайд Шэнь Миньжуань Монголын “Өдрийн сонин”дахь “Хятадын элчин сайд Хятадын засаглалын тухай өгүүлэв” буланд, мөн Монголын хэвлэл мэдээллийн голлох цахим сайт болох news.mn-нд “Төрийн тэргүүн нарын уулзалтууд дэлхийн анхаарлыг Бээжинд төвлөрүүлэв” гарчигтай өгүүллээ нийтлүүллээ. Өгүүллийн бүрэн эхийг дор хүргүүлэв:


Төрийн тэргүүн нарын уулзалтууд дэлхийн анхаарлыг Бээжинд төвлөрүүлэв

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Шэнь Миньжуань

Тавдугаар сарын дунд үеийн нэг долоо хоногийн хугацаанд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадад төрийн айлчлал хийсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарыг дараалан хүлээн авсан нь дэлхий нийтийн анхаарлыг татав.

Эдгээр нь онцгой түүхэн цаг үед болсон хоёр чухал айлчлал байлаа. Өнөөгийн олон улсын тогтворгүй нөхцөл байдал нэмэгдэж, геополитикийн мөргөлдөөнүүд тасралтгүй үргэлжилж, дэлхийн эдийн засгийн сэргэлт хүчээ алдаж, тогтвортой байдал улам бүр ховор нөөц болж байна. Энэ жил Хятад улс болон АНУ-ын хувьд XV таван жилийн төлөвлөгөөний эхлэлийн жил, АНУ тусгаар тогтносны 250 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр улс тус тусын хөгжлийн чухал үе шатандаа орж байна. Хятад, ОХУ-ын хувьд энэ жил БНХАУ, ОХУ хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны харилцаа тогтоосны 30 жилийн ой, “Сайн хөрш, найрсаг хамтын ажиллагааны гэрээ” байгуулсны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятад, ОХУ-ын харилцаа шинэ эхлэлийн цэгт хүрч байна.

БНХАУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт нь “БНХАУ, АНУ хоорондын бүтээлч, стратегийн тогтвортой харилцаа”-г хоёр улсын харилцааны шинэ байрлал болгож, дэлхийн өнөөгийн хамгийн чухал хоёр талт харилцааны чиглэлийг тохирууллаа. БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны харилцааг цаашид бэхжүүлж, Сайн хөрш, найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан бөгөөд хоёр улс мөн дэлхийн олон туйлт байдал болон шинэ хэлбэрийн олон улсын харилцааг санаачлан уриалах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа. Энэ нь их гүрнүүдийн удирдагчдын хамтран гаргасан “цаг үеийн хариулт” бөгөөд улс орнуудын нийтлэг хүлээлтэд нийцэж, дэлхий дахинд чухал эерэг үр нөлөөг авчирч байна.

Нэгдүгээрт, олон улсын тогтолцоо ба дэг журмыг тогтворжуулахад тустай. БНХАУ, АНУ нь хамгийн том хөгжингүй орон болон хамгийн том хөгжиж буй орон болохын хувьд “Тукидидийн занга”-ыг даван гарахад чиглэж, нэг нь хожиж нөгөө нь ялагдах, хэн нэгэн нь өсөж хэн нэгэн нь доройтох гэсэн явцуу үзлийг даван туулснаар хоёр улс эерэг харилцан үйлчлэлийг өрнүүлж, их гүрнүүдийн үүргээ биелүүлэн, дэлхий нийтийн шинжтэй сорилтуудыг хамтран даван туулахад тустай юм. Хятад, ОХУ нь дайны дараах олон улсын дэг журам болон олон улсын эрх зүйн бүрэн хүчин чадлыг тууштай хамгаалж, аливаа хэлбэрийн нэг талт дээрэнгүй үйлдэл болон түүхийг ухраах оролдлогыг эсэргүүцэж, Японы “милитаризмыг дахин сэргээх” аюулыг хамтдаа няцааж байна. Хоёр улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын байр суурь, нөлөөг бэхжүүлэх, БРИКС-ийн орнуудын механизмын эв нэгдэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, олон улсын дэг журмыг илүү шударга, зүй зохистой болгохыг зорьж байна.

Тайваньтай холбоотой асуудал нь Хятад, АНУ-ын харилцаанд хамгийн чухал асуудал бөгөөд Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах нь талуудын  хамгийн том нийтлэг зүйл мөн бөгөөд урьдач нөхцөл нь “Тайванийн тусгаар тогтнол”-ыг хэрхэвч дэмжихгүй, өөгшүүлэхгүй байх явдал юм. АНУ-ын тал Хятадын байр суурийг ойлгож, Хятадын анхаарал хандуулж буй асуудлыг хүндэтгэж байгааг Хятадын тал уулзалтын үеэр мэдэрсэн бөгөөд улс орнуудын нэгэн адил Тайвань тусгаар тогтнолд чиглэхийг хүлээн зөвшөөрөхгүй, дэмжихгүй байна.

Хоёрдугаарт, дэлхийн эдийн засгийн хөгжлийг дэмжихэд тустай. Хятад, АНУ нь дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг бөгөөд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь Хятад, АНУ-ын харилцааны “тэнцвэржүүлэгч” болон “хөдөлгөгч” байсаар ирсэн. Энэ удаад АНУ-ын тэргүүлэх 10 гаруй компанийн удирдлагууд айлчлалын бүрэлдэхүүнд багтаж Хятадад айлчилсан нь Хятад улс АНУ-ын аж үйлдвэр, бизнесийн хүрээний хөрөнгө оруулалтын чухал үнэ цэнтэй бүс хэвээр байгааг бүрэн харууллаа. Хоёр улс худалдааны хороо болон хөрөнгө оруулалтын зөвлөл байгуулж, тарифыг харилцан тэгш бууруулах хүрээнд хоёр талын худалдааг өргөжүүлэхээр санал нэгдлээ. Энэ нь Хятад, АНУ-ын хамтын ялалт төдийгүй дэлхий нийтийн ялалтад хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Хятад, ОХУ-ын худалдаа сүүлийн 3 жил дараалан 200 тэрбум ам.долларын босгыг давж, энэ оны эхний 4 сард 20 орчим хувиар өссөн байна. Эрчим хүчний харилцан холболтоос эхлээд шинжлэх ухаан, технологийн инновацын хамтын ажиллагаа, дижитал эдийн засгийн хөгжлөөс эхлээд ногоон, бага нүүрстөрөгчийн шилжилт хүртэл Хятад, ОХУ-ын бодит хамтын ажиллагаа тасралтгүй чанаржиж, хоёр улс болон бүс нутгийн хөгжлийн сэргэлтэд үйлчилж байна.

Гуравдугаарт, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд тустай. Ард түмний гүн гүнзгий найрамдал нь улс хоорондын харилцааны хөгжлийн хүчний эх үүсвэр юм. Энэ жил Хятад, АНУ-ын “Ширээний теннисний дипломат харилцаа”-ны 55 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр улс “жижиг бөмбөгөөр том бөмбөгийг хөдөлгөх” ард түмний харилцааны шинэ хуудсыг үргэлжлүүлэн бичиж, “Хятад хүн шиг болох”, “Хятадад туйлын дасан зохицох” гэх ойлголтууд АНУ-ын сошиал сүлжээнд өргөн тархаж, хүүхэд, залуучуудын хоёр талын харилцаа нь Хятад, АНУ-ын харилцааны ирээдүйн хэв маягийг бүрдүүлэхээр байна. БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар мөн “Боловсролын жил”-ийг эхлүүлж, талууд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, уламжлалт найрамдалт харилцааг өвлүүлэн үргэлжлүүлж, ард иргэдийн харилцан ойлголцол, ойр дотно байдлыг нэмэгдүүлэн, Хятад, ОХУ-ын найрамдалт үйл хэргийг залгамж хойчтой байлгахыг зорьж байна.

Төрийн тэргүүний дипломат ажиллагаа бол их гүрнүүд хоорондын харилцааны “луужин” болон “чиглүүлэгч” юм. Энэ жил Хятад, АНУ тус бүрдээ Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний удирдагчдын албан бус уулзалт болон Их хорийн бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна. Ерөнхийлөгч Трампын урилгаар Ши Жиньпин дарга энэ оны намар АНУ-д төрийн айлчлал хийнэ. Хятад, ОХУ-ын төрийн тэргүүн нар мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт зэрэг арга хэмжээнүүдийн үеэр дахин уулзалдана. Хятадын тал АНУ, ОХУ-тай хамтран төрийн тэргүүн нарын хооронд хүрсэн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, 2026 оныг БНХАУ, АНУ-ын харилцааны түүхэн үргэлжлэл, тэмдэглэлт жил болгох, мөн БНХАУ, ОХУ-ын харилцааг шинэ эхлэлийн цэгээс илүү идэвхтэй, хурдтай хөгжүүлж, дэлхий дахинд илүү тогтвортой байдал, эерэг энергийг оруулахад бэлэн байна.

Дэлхийн засаглал нь их гүрнүүдийн хариуцлага төдийгүй бүх улс орны хамтын хүчин чармайлттай салшгүй холбоотой. “Дэлхийн дөрвөн том санаачилга” нь олон улсын нийтлэг ойлголтыг нэгтгэх чухал платформ юм. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И тавдугаар сарын 28-нд Нью-Йорк хотноо “Дэлхийн засаглалын найзуудын бүлэг”-ийн уулзалтыг даргалан явуулах бөгөөд Монгол Улс зэрэг ижил зорилготой улс орнуудтай хамтран илүү их хүчийг төвлөрүүлж, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг хамтдаа ахиулна гэж найдаж байна.