Элчин сайдын яам Хятадын Коммунист Намын 105 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав

2026-07-08 22:40

7 сарын 3-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам “Гар нийлэн, хамтдаа урагшилъя: Хятадын Коммунист Намын 105 жилийн ойн түүхэн замнал” сэдэвт хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, улс төрийн намууд, батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллагын удирдах албан тушаалтнууд, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, олон салбарын зүтгэлтнүүд, Монгол дахь Хятад иргэдийн төлөөлөл зэрэг 200 орчим хүн оролцов.

Элчин сайд Шэнь Миньжуань хэлсэн үгэндээ, Хятадын Коммунист Нам байгуулагдсанаас хойших 105 жилийн хугацаанд Хятадын үндэстнүүдийн хэдэн мянган жилийн түүхэн дэх хамгийн сүр жавхлант түүхийг бүтээсэн бөгөөд үүний гол нууц нь эрхэм үнэт чанар, шилдэг ёс суртахууныг төлөвшүүлж чадсанд оршиж байгааг онцлов.

Мөн хэлэхдээ, Хятад улс Ши Жиньпиний нам байгуулах үзэл санаагаар дамжуулан дэлхийн улс төрийн намуудад туршлагаа хуваалцаж, “Хятадын боломж 2.0”-оор дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ эрч хүчийг оруулж, хүн төрөлхтний өмнө тулгарч буй томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд Хятадын оюун ухаан, арга шийдэл, эрч хүчийг тасралтгүй хувь нэмэр болгон оруулж байгааг тэмдэглэв.

Элчин сайд Шэнь Миньжуань онцлон тэмдэглэхдээ, Хятад, Монголын улс төрийн намуудын харилцаа бат бөх суурьтай бөгөөд, Хятадын тал нам удирдах, төр улсыг засах туршлагаа Монголын талтай үргэлжлүүлэн хуваалцаж, Хятад, Монголын харилцан ашигтай хамтын ажиллагааны “Боломж 2.0”-ийг бүрэн ашиглан, нам хоорондын солилцоо, хамтын ажиллагааны шинэ хуудсыг хамтдаа нээхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн чухал нийтлэг ойлголтыг хамтран хэрэгжүүлж, стратегийн уялдаа холбоо болон бүх салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж хүртээхэд Монголын тал бэлэн байгааг илэрхийллээ.

Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатараас ирүүлсэн баярын мэндчилгээг дамжуулсан бөгөөд Монгол Ардын Нам Хятадын Коммунист Намтай уламжлалт найрсаг хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр нам, хоёр улсын харилцааг тасралтгүй урагшлуулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Арга хэмжээний үеэр Элчин сайд Шэнь Миньжуань, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр  болон Монгол Улсын Их Хурал дахь улс төрийн намуудын удирдлагуудтай хамт баярын бялуу зүсэв. Хүрэлцэн ирсэн зочид Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 105 жилийн ойд зориулсан хурлын дүрс бичлэгийг үзэн, Хятадын Коммунист Намын 105 жилийн ойг хамтдаа тэмдэглэлээ.