7 сарын 24-нд Элчин сайд Шэнь Миньжуанийг хүндэтгэн үдэх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын удирдлагууд, төр, засгийн зүтгэлтнүүд, улс төрийн намууд, зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагын төлөөлөл, нийгмийн янз бүрийн салбарын найз нөхөд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчид, Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болон Монгол дахь хятад иргэдийн төлөөлөл зэрэг 400 гаруй хүн оролцов.

Элчин сайд Шэнь Миньжуань хэлсэн үгэндээ БНХАУ-аас Монгол Улсад суугаа анхны эмэгтэй Элчин сайдаар ажилласан нь нэр төрийн хэрэг байсныг тэмдэглээд, бүрэн эрхийн хугацаандаа Хятад, Монголын өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтууд идэвхтэй өрнөж, түүхэн ач холбогдолтой томоохон хамтын ажиллагааны төслүүд дараалан эхэлж, хоёр талын худалдаа эрчимтэй өсөж, хоёр орны найрамдал ард иргэдийн ойлголцол гүнзгийрч буйг биечлэн харснаа онцоллоо. Мөн Хятад улс инновацад тулгуурлан дэлхий дахинд “Хятадын боломж 2.0”-ыг санал болгож байгаа бөгөөд хоёр улс хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг зэрэг шинэ салбаруудад хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгүүдийг бий болгон, Хятад, Монголын хамтын ажиллагааны “Боломж 2.0”-ийг хамтдаа нээж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжийг хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Шэнь Миньжуань бүрэн эрхийн хугацаанд нь дэмжлэг үзүүлсэн Монголын нийгмийн бүх салбарынхан, цахим орчинд болон бодитоор уулзсан олон найз нөхдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлж, Хятад, Монголын найрамдлыг бэхжүүлэх үйлсэд хамтдаа хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв. Мөн НҮБ-ын байгууллагууд зэрэг дипломат байгууллагуудын хамт олонд Хятадын талтай хамтран Монгол дахь олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг урагшлуулсанд, түүнчлэн Монгол дахь хятад иргэд, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, багш нар, оюутнуудад “Бүс ба зам”-ыг өндөр чанартай хамтран бүтээн байгуулах, хятад хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэх, ард иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд оруулсан идэвхтэй хувь нэмэрт нь талархал илэрхийллээ.

Хүлээн авалт халуун дулаан, найрсаг уур амьсгалтай болж өнгөрсөн бөгөөд хүрэлцэн ирсэн зочид Элчин сайд Шэнь Миньжуанийг халуун дотноор үдэж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа мэдэгдэхүйц үр дүнд хүрснийг өндрөөр үнэлэн, хоёр орны харилцаа цаашид шинэ шатанд гарахын ерөөл дэвшүүлэв.