БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 99 жилийн ойн хүлээн авалт зохион байгуулав

2026-07-30 17:00

7 сарын 29-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 99 жилийн ойн хүлээн авалт зохион байгуулав. Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Монголын улс төр, батлан хамгаалах зэрэг олон салбарын төлөөлөл, Монгол дахь дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөгчид, Монгол дахь Хятад иргэд болон Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцлоо.

Түр хамаарагч Цао Ли хэлэхдээ, өдгөө Хятад, Монголын харилцаа бүхэлдээ сайтар хөгжиж, хоёр улс хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоон байгуулах чиглэлд урагшилж байна. Зуун жилийн их өөрчлөлттэй тулгарч буй энэхүү цаг үед Ши Жиньпин дарга дэлхийн дөрвөн том санаачилгыг дэвшүүлж, хиймэл оюун ухааны дэлхийн засаглалыг боловсронгуй болгоход түлхэц үзүүлэн, хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Хятадын арга ухаан, Хятадын эрч хүчийг хувь нэмэр болгон оруулж байна. Хятадын тал Монголын талтай бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр улс болон зэвсэгт хүчин хоорондын найрсаг харилцааны суурийг улам бэхжүүлэн, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамтдаа ахиулахад бэлэн байна гэв.

Цэргийн атташе Жан Шюлян хэлэхдээ, Хятадын тал Ши Жиньпиний цэрэг армийг хүчирхэгжүүлэх үзэл санааны удирдлага дор Хятадын онцлогтой цэрэг армийг хүчирхэгжүүлэх замаар тууштай урагшилж байна. Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа улам гүнзгийрч, бодит үр дүнд хүрсээр байна. Энэ онд “Талын түнш–2026” хуурай замын цэргийн хамтарсан сургалт, хилийн хамтарсан эргүүл, цэргийн тусламжаар автомашин нийлүүлэх зэрэг төслүүд амжилттай хэрэгжлээ. Хятадын тал цаашид ч Монгол Улсын зэвсэгт хүчний бүтээн байгуулалт, хөгжлийг үргэлжлүүлэн дэмжиж, хоёр улс болон зэвсэгт хүчин хоорондын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэв.

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 99 жилийн ойд халуун баяр хүргээд, сүүлийн жилүүдэд хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн нийтлэг ойлголтын хүрээнд батлан хамгаалах салбарт гарч буй арвин үр дүнг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ. Мөн БНХАУ-ын Засгийн газар, армиас Монголын талд үзүүлсэн тусламжид чин сэтгэлийн талархал илэрхийлж, хоёр орны зэвсэгт хүчний харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа тэмдэглэв.

Хүлээн авалт халуун дотно, найрсаг уур амьсгалтай болж, зочид Хятадын армийн сурталчилгааны видеог хамтдаа үзэн, Хятадын армийн орчин үеийн хөгжил болон Хятад, Монголын хоёр армийн бодит хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр сайшааж байгаагаа илэрхийлж байлаа.