БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли Хятадын хөрөнгө оруулалттай газрын тосны компанийн үйл ажиллагаанд саад учруулсан асуудлаар Монголын талтай уулзав

2026-08-18 18:00

8 дугаар сарын 18-ны өдөр ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвтэй уулзлаа. Уулзалтад БНХАУ-ын ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны хэлтсийн Зөвлөх Люү Жиньжи байлцав.

ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли хэлэхдээ, ойрын өдрүүдэд Монголын хууль зөрчигч этгээдүүд Хятадын хөрөнгө оруулалттай газрын тосны компанийн байранд зөвшөөрөлгүй нэвтэрч, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулан, компанийн эд хөрөнгийг сүйтгэж, хятад ажилтнуудад халдсан асуудалд ноцтой анхаарал хандуулж байна. Монголын тал тухайн этгээдүүдэд зохих хариуцлага хүлээлгэх асуудлаар Элчин сайдын яамны зүгээс Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газар, Цагдаагийн ерөнхий газарт цаг тухайд нь хандсан болно. Мөн Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Цагдаагийн ерөнхий газар тухайн хууль зөрчсөн этгээдүүдийн талаар дараалан мэдэгдэл гаргаж, тэдний хууль бус үйлдлийг хатуу буруушаан, мөрдөн шалгахаар цагдан хорьж байгаа тухай мэдээг бид олж үзсэн. Монголын тал цаашид бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэн, Хятадын аж ахуйн нэгжүүдийн болон хятад иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, бие махбодь, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хууль ёсны дагуу хамгаалж, цаашид энэ төрлийн хэрэг дахин давтагдахгүй байлгах талаар шаардлага хүргүүлж байна гэв. 

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлэхдээ, хууль тогтоомжийг зөрчин Хятадын аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж буй нь байж болшгүй үйлдэл бөгөөд энэ нь улсын ашиг сонирхлын эсрэг болон эдийн засгийн гэмт хэрэг гэж үзэж байгаа ба гарсан хэрэг явдалд уучлал хүсэж байна. Монголын холбогдох байгууллагаас уг хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд Хятадын аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхол, Монгол Улсын бизнесийн орчин болон Монгол, Хятад хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг хуулийн дагуу хамгаалах болно гэв.