БНХАУ-ын дэмжлэгтэй хэрэгжиж буй нарны эрчим хүчний төхөөрөмж нийлүүлэх төслийн эхний ээлжийн 48 иж бүрдлийг Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд хүлээлгэн өгөв

2026-08-20 17:00

8 дугаар сарын 19-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли Хятад улсын дэмжлэгтэй хэрэгжиж буй нарны эрчим хүчний төхөөрөмж нийлүүлэх төслийн эхний ээлжийн 48 иж бүрдлийг гэр хорооллын айл өрхүүдэд хүлээлгэн өгөх ёслолд  оролцлоо.

Уг төслийг Хятадын Даян дэлхийн хөгжил, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (UNDP) Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн гэр хорооллын нийт 450 өрхийг нарны эрчим хүчний төхөөрөмжөөр хангаж, цэвэр эрчим хүчний халаалтын төхөөрөмж ашиглах боломжийг бүрдүүлэх ба Монгол Улс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, ногоон эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.