8 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2026–2027 оны Хятадын Засгийн газрын тэтгэлэг болон ӨМӨЗО-ы Ардын Засгийн ордны тэтгэлгээр БНХАУ-д суралцах оюутнуудад элсэлтийн мэдэгдэл гардуулах ёслол зохион байгуулав. Ёслолд Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли, Зөвлөх Ли Жи, Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар оролцож, тэтгэлэгт шалгарсан оюутнууд болон багш нарын төлөөлөл зэрэг 400 гаруй хүн хүрэлцэн ирэв.

Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли тэтгэлэгт шалгарсан 357 оюутанд халуун баяр хүргээд, оюутнуудыг эрдэм мэдлэгт шамдагч, хууль журам сахидаг сайн суралцагч, найрсаг харилцааг түгээн дэлгэрүүлэгч, хариуцлагатай хувь нэмрээ оруулагч байж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, харилцааг бэхжүүлэх болон Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд залуу насны эрч хүчээ зориулахыг захилаа.
Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монголын оюутнуудад суралцах үнэ цэнтэй боломж олгож буй Хятадын талд талархал илэрхийлж, Хятадын дээд боловсролын хөгжлийн ололт амжилтыг өндрөөр үнэлэн, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны ахиц дэвшлийг бүрэн сайшаав. Мөн цаашид Хятадын талтай харилцан солилцоо, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, Монгол Улсын хөгжил болон хоёр орны харилцаанд хувь нэмэр оруулах олон чадварлаг боловсон хүчин бэлтгэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
