9 сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн үйл ажиллагаатай танилцаж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли, Зөвлөх Лю Жиньжи, “Пауэр Чайна” группийн Евроазийн бүсийн төвийн дэд ерөнхий захирал Тань Шяофэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран нар хамт байлцав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төслийн талбайгаар зочилж, төслийн удирдлагуудаас хийж буй ажлын танилцуулгыг сонсож, “Пауэр Чайна” группийн ажилтнуудын хичээл зүтгэлд талархал илэрхийлэн, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог эрчимжүүлж, усан цахилгаан станцын төслийг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг үүрэг болгов. “Уснаас гал асааж, галаас хөгжил бадраасан” Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор Монгол Улсын баруун аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хамаарлаас ангижирч, Хятад, Монголын өндөр чанартай хамтын ажиллагаа, гүн гүнзгий найрамдлын чухал бэлгэ тэмдэг болно гэдгийг тэмдэглэв.

БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли Хятадын тал Монголын талтай хамтран хүчин чармайлт гаргаж, хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн чухал нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлэн, стратегийн харилцан итгэлцэл болон бодит хамтын ажиллагааг бэхжүүлж, усан цахилгаан станцын төслийг Даян дэлхийн хөгжлийн санаачилга болон Монгол Улсын “Алсын хараа - 2050”-тай уялдуулах шилдэг төсөл болгон хэрэгжүүлж, цэвэр цахилгаан эрчим хүчийг орон нутгийн иргэдийн амьдрал, хөгжилд хүртээмжтэй болгож, Монгол Улсын нүүрстөрөгч багатай ногоон эдийн засгийн хөгжилд хүчтэй түлхэц өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Монгол Улсын баруун бүсийн Ховд аймагт байрладаг бөгөөд “Пауэр Чайна” групп барьж байгуулж байна. Уг төсөл нь Хятадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд суурилагдсан хүчин чадал нь 90 мегават юм.