9 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулж, БНХАУ байгуулагдсаны 77 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Хүлээн авалтад Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй засгийн газар болон парламентын өндөр түвшний төлөөлөл, улс төрийн нам, цэрэг, цагдаагийн байгууллагын төлөөлөл, найрсаг харилцаатай хүмүүс, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагуудын төлөөлөл, хятад иргэд, багш, оюутнуудын төлөөлөл зэрэг 400 орчим хүн оролцлоо.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли түр хэлсэн үгэндээ, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн даян дэлхийн хөгжлийн дөрвөн том санаачилга нь илүү сайхан дэлхий ертөнцийг цогцлооход Хятадын шийдлийг санал болгож байгааг тэмдэглэв. Мөн хэлэхдээ, Хятад улс өөрийн хөгжлөөрөө дэлхий дахинд тогтвортой хөгжлийн эрч хүч өгч, харилцан солилцоо, харилцан суралцах замаар соёл иргэншил хоорондын зөрчлийг арилгаж, яриа хэлэлцээ, зөвшилцлөөр дамжуулан дэлхийн засаглалыг боловсронгуй болгож байна. Энэ жил Хятадын Коммунист нам байгуулагдсаны 105 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятадын тал хоёр орны төрийн тэргүүн нарын хооронд хүрсэн чухал нийтлэг ойлголтыг удирдлага болгон Монголын талтай хамтран Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн ахиулахад бэлэн байна гэв.
Монголын талыг төлөөлөн Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ байгуулагдсаны баярын мэндчилгээ дэвшүүлж, Хятадын онцлогтой орчин үеийн хөгжил нь олон улсад хүчтэй өрсөлдөх чадварыг харуулж, дэлхийн хөгжлийг ахиулан, манлайлах чухал хүчин болж, хөрш орнуудад тогтвортой, таатай боломжуудыг бий болгож байгааг тэмдэглэв. Мөн хэлэхдээ, энэ жил Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 77 жилийн ой тохиож байгаа бөгөөд найрсаг, мөнхийн хөрш орны хувьд Монголын тал Хятадын талтай хамтран бүхий л салбарын хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэв.

Хүрэлцэн ирсэн зочид хамтдаа Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн ололт амжилтууд, мөн Шямэнь хотод "Үндэсний эрх мэдлийн хүрээнээс гадуурх бүс нутгийн далайн биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах тухай хэлэлцээр"-ийн Нарийн бичгийн дарга нарын газрыг байрлуулах хүсэлт гаргаж буй тухай сурталчилгааны видеог үзэж, “Хятад орныг танин мэдэхүй” арга хэмжээний хүрээнд хүрэлцэн ирсэн Хятад, Монголын уран бүтээлчдийн толилуулсан дуу, бүжгийн тоглолтыг сонирхон үзэж, Хятад, Монгол хоёр орны найрамдал мөнхөд бадран мандахын өлзийтэй ерөөлийг өргөв.