10 дугаар сарын 15-нд Хятад, Монголын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын шав тавих ёслол Улаанбаатар хотноо ёслол төгөлдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны удирдлагууд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли, зөвлөх Лю Жиньжи болон Хятадын талын барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ, БНХАУ-ын Засгийн газар, ард түмэн болон төслийн гүйцэтгэгчдэд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Хятад, Монголын төрийн тэргүүн нарын нэрэмжит спортын цогцолборын төсөл нь хоёр орны найрсаг харилцаа, бодит хамтын ажиллагааг гэрчлэх бас нэгэн тод илэрхийлэл болж байгааг тэмдэглэв. Энэхүү төсөл нь Монголын спортын хөгжлийг дэмжиж, өсвөр үеийнхний авьяас чадварыг нээн илрүүлж, бүх насны иргэд спортын дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд чухал ач холбогдолтой юм гэв.
ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд “Бүс ба зам”-ыг өндөр чанартай хамтран байгуулах түншүүд юм. Саяхан, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар Бишкек хотод чухал уулзалт хийж, Хятад, Монголын харилцааны хөгжилд стратегийн чиглэлийг тодорхойлсон. Талуудын хамтын хүчин чармайлтаар Хятад, Монголын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборыг өндөр чанартайгаар барьж дуусгана гэдэгт итгэж байна. Энэ нь Хятад, Монголын уламжлалт найрамдлын шинэ дурсгалт газар болж, Монголын ард түмэнд илүү ногоон, эрүүл, сайхан амьдралыг авчирна гэв.
Хятад, Монголын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын төсөл нь БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад үзүүлж буй буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төсөл бөгөөд Шяньси Жяньгун групп хувьцаат компани уг төслийн барилгын ажлыг гүйцэтгэх юм. Төслийн нийт газар ашиглалтын хэмжээ 30,000 м.кв, барилгын нийт талбай 58,247 м.кв бөгөөд барилгын хугацаа 48 сар буюу 2030 онд барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.