10 дугаар сарын 16-ны өдөр, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв.
БНХАУ-ын Дарга Ши Жиньпин мэндчилгээндээ, “БНХАУ, Монгол Улс бие биеийхээ чухал хөрш орон бөгөөд Монгол Улс нь БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхдагч улсуудын нэг билээ. Дипломат харилцаа тогтоосон 75 жилийн хугацаанд, хоёр орон сайн хөрш, найрамдалт хөршийн зарчмыг баримтлан, бүхий л салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжийг хүртээсэн билээ. Миний бие Хятад, Монгол хоёр орны харилцааг чухалчлан үзэж, Ноён Ерөнхийлөгч таны хамт, хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийг бүтээх чиглэлээр, Хятад, Монгол хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны тогтвортой, урт хугацааны хөгжлийг ахиулахад бэлэн байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон 75 жилийн хугацаанд, хоёр улс найрамдалт харилцаа тогтвортой хөгжиж, харилцан итгэлцэл бэхжин, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байна. Ерөнхийлөгч миний бие Ши Жиньпин даргын хамт “Талын зам” үндэсний хөтөлбөр болон “Бүс ба зам” санаачилгыг уялдуулан ажиллаж, хоёр улсын хөгжилд хувь нэмрээ оруулж, хоёр орны ард түмэнд сайн, сайхныг түгээхэд бэлэн байна” хэмээн илэрхийлэв.
Мөн энэ өдөр, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар харилцан мэндчилгээ дэвшүүлэв. Ерөнхий сайд Ли Чян Хятад Улс, Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон 75 жилийн ойг шинэ эхлэлийн цэг болгон тэмдэглэж, хоёр орны орчин үеийн дэвшилтэт замд хүчин чармайлт гаргаж, хамтдаа хожиж, хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Хятад хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр орны харилцааны гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээн байгуулахаа илэрхийлэв.