10 дугаар сарын 18-ны өдөр, ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Лю Жяньчао Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнийн урилгаар, түүнийг нутаг буцах үед нь Бээжин хотноо уулзалт хийв.
Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ, “Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Монгол, Хятад хоёр хөрш зэргэлдээ оршдог бөгөөд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа нь хөрш зэргэлдээ орнуудад бие биеэ хүндэтгэх, харилцан ашигтай хамтран ажиллах үлгэр жишээ болж байна. Монгол Улс БНХАУ-ын дэвшүүлсэн цуврал томоохон үзэл баримтлал, санаачилгыг өндрөөр үнэлж, дэмжиж байгаа бөгөөд Хятадын талтай хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, хоёр орны эдийн засаг, худалдаа, эрчим хүч, ногоон хөгжил болон бусад салбар дахь хамтын ажиллагааг ахиулж, гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Олон улсын үйл хэрэг дэх харилцаа холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлж, Монгол, Хятадын харилцааг ахиулан, шинэ, томоохон ололт амжилтад хүргэх болно. Монгол Ардын нам нь Хятадын Коммунист намтай урт хугацааны турш, нягт харилцаатай ажиллаж байгаа бөгөөд хоёр намын бүх шатны харилцаа, залуучуудын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад улстай засаглалын туршлагаа харилцан солилцож, суралцахад бэлэн байна” гэв.
Лю Жяньчао хэлсэн үгэндээ, “саяхан БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярын мэндчилгээ харилцан солилцож, Хятад, Монгол хоёр орны орчин үеийн хөгжлийг хамтдаа ахиулж, хувь заяаны хамтын нийгэмлэгийн бат бэх суурийг бүтээн байгуулах чиглэлийг онцолсон байна. Хятад Улс Монгол Улстай Хятад, Монголын харилцааны хөгжлийн зөв чиг хандлагыг тууштай барьж, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, эдийн засаг худалдааны бодит хамтын ажиллагааг ахиулж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх харилцаа, зохицуулалтыг эрчимжүүлэхэд бэлэн байна. Улс төрийн намуудын харилцаа бол Хятад, Монголын харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулах чухал холбоос юм. Хятадын Коммунист нам Монголын бүх улс төрийн намуудтай гар нийлэн ажиллаж, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтуудыг хамтран хэрэгжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлж, стратегийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, олон салбарын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлж, хоёр орны харилцан ойлголцол болон ард түмний харилцаа холбоог нэмэгдүүлж, Хятад, Монгол хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг ахиулахад бэлэн байна” гэлээ.
Уулзалтад ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын сайдын туслах Жао Шитун, Монгол Улсын Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн бөгөөд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд нар байлцав.