11 дүгээр сарын 6-ны өдөр, Жежян мужийн Намын хорооны дарга, мужийн дарга Ван Хао Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Ханжөү хотноо уулзалт хийв. Ван Хао Жежян мужийн намын хороо, мужийн засаг захиргаа болон мужийн 66 сая гаруй ард иргэдийн нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалыг талархан хүлээж авч буйгаа илэрхийлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, “Хятад, Монгол хоёр улс бол бие биеийнхээ чухал хөрш юм. Энэ оны 10 дугаар сард, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярын мэндчилгээ харилцан дэвшүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой, урт хугацаанд хөгжүүлэхээр санал нэгдсэн нь Жежян мужийн хувьд, Монгол Улстай найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх үндсэн чиглэл юм. Ши Жиньпин дарга Жежянд ажиллах хугацаандаа, Жежян мужийг хөгжүүлэх цогц төлөвлөгөө, дээд түвшний зураг төсөл бүхий "Найман найм стратеги"-ийг боловсруулж, сүүлийн 20 жилийн хугацаанд Жежян мужид бүх талын, системтэй, гүнзгий өөрчлөлтүүдийг хэрэгжүүлээд байна. Өдгөө Жежян муж ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны гуравдугаар бүгд хурлын үзэл баримтлал болон Ши Жиньпин даргын Жежянд хийсэн шалгалтын үеэр хэлсэн чухал үгсийн үзэл санааг гүнзгий судлан, хэрэгжүүлж, "Найман найм стратеги"-ийг тууштай хэрэгжүүлж, "чухал цонх"-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хамтын хөгжил цэцэглэлтийн жишиг бүсийг өндөр чанартайгаар байгуулах үүрэгт анхааран, Хятад маягийн шинэчлэлт бүхий Жежян мужийн түүхийн шинэ хуудсыг нээхээр ажиллаж байна. Жежян нь Хятад улсын эрэг дагуух эдийн засаг, гадаад худалдааны томоохон муж бөгөөд үйлдвэрлэл болон хувийн эдийн засаг түлхүү хөгжсөн муж юм. Жежян муж худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлал, байгалийн баялгийг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт Монгол Улстай нягт хамтын ажиллагааг хэрэгжүүлэн, харилцан туслалцаж, хамтдаа хөгжих, харилцан ашигтай, хамтдаа хожих, хөгжил дэвшлийг хамтдаа ахиулах зарчмаар ард түмэнд үр өгөөжийг хүртээхээр хамтран ажиллаж, "Бүс ба зам" санаачилга, "Талын зам" хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхэд эерэг хувь нэмэр оруулахад бэлэн байна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Жежян мужийн Засаг захиргаанд халуун дотноор хүлээн авч, уулзалт зохион байгуулсанд талархал илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, “Энэ жил Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Сүүлийн жилүүдэд, Монгол Улс Жежян мужтай нягт харилцан, хамтран ажиллаж байна. Жежян мужаар дахин зочлохдоо миний бие тус мужийн үзэсгэлэнт байгаль болон хөгжил дэвшлийг сонирхон баяслаа. Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газар хиймэл оюун ухаан, ногоон өөрчлөлт, хүний нөөцийн шинэчлэлтийг онцгойлон анхаарч байгаа бөгөөд бид энэхүү айлчлалыг Жежян мужтай харилцан солилцоог улам бэхжүүлж, ашигт малтмалын нөөц, дэд бүтэц, шинжлэх ухаан технологи, соёл хүмүүнлэг, аялал жуулчлал зэрэг салбарт ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг эрэлхийлэх, үр дүнтэй хамтран ажиллаж, Монгол, Хятадын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд С.Амарсайхан, Шадар сайд Т.Доржханд, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд нарын Монгол Улсын төрийн өндөр дээд албан тушаалтнууд, Жежян мужийн удирдлагууд Чюү Чинвен, Лү Шан нар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар уулзалтад оролцов.