Шанхай хотын дарга Гун Жэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзлаа

2024-11-07 22:00

11 дүгээр сарын 7-ны өдөр, Шанхай хотын дарга Гун Жэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзалт хийлээ. Гун Жэн Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчдөд Хятадын олон улсын импортын 7 дахь удаагийн экспод хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, “Хятад, Монгол хоёр улс бол уул, усаараа холбогдсон найрсаг хөрш, сайн нөхөр, сайн түншүүд билээ. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй түүхийн чухал тэмдэглэлт жил болж байна. Шанхай нь Монгол Улстай найрсаг харилцааг эрхэмлэдэг бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өдрөөс өдөрт нягтаршиж байна. Бид БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Хятадын Засгийн газраас Шанхай хотыг хөгжүүлэх стратегийн тэргүүлэх чиглэлийн дагуу, дэлхий дахинд нөлөө үзүүлэхүйц, орчин үеийн социалист, олон улсын том хот болгох ажил хэргийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Бид цаашид Хятад, Монгол хоёр орны хооронд харилцан тохиролцсон ажлуудыг хэрэгжүүлж, газар нутгийн хамтын ажиллагааны давуу талыг бүрэн дүүрэн ашиглаж, хоёр улсын нягт хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах болно. Шанхай хот болон Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны орон зай өргөн хүрээний бөгөөд аж үйлдвэрлэлийн давуу талаа харилцан нөхөж, хамтран ажиллана. Шанхайн экспог талуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хамтын ажиллагааны платформ болгох, Монголын аж ахуйн нэгжүүдийг тус экспод оролцохыг урихын хамт, Шанхай дахь хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг өргөжүүлж, уул уурхай, эрчим хүч, хүлэмжийн хий ялгаралтыг бууруулах ногоон хөгжил, дэд бүтэц зэрэг салбарт харилцаж, хамтран ажиллах хүсэлтэй байна. Бид Шанхайн аж ахуйн нэгж, байгууллагуудыг Монгол Улсад хөрөнгө оруулахад урамшуулах болно. Мөн соёл, хүмүүнлэг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлснээр, хоёр орны ард түмэн өөр хоорондын ёс заншлыг хүндэтгэх, харилцан ойлголцол нэмэгдэнэ гэдэгт итгэж байна” гэв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ, “Шанхай нь нээлттэй, хүртээмжтэй хотын өнгө төрх бүрдсэн, хөгжил, дэвшлийн эрч хүчтэй уур амьсгалтай байгаа нь төлөөлөгчдөд гүн сэтгэгдэл төрүүлж байна. Монгол Улс эдийн засаг хурдацтай хөгжиж буй орны хувьд, Шанхай хоттой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны механизмыг бий болгох, сайжруулах, Улаанбаатар хот болон Шанхай хот хооронд найрамдалт харилцааг хөгжүүлэх хүсэлтэй байна. Цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны платформыг бий болгож, хоёр орны худалдаа, аялал жуулчлал, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг ахиулж, “Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөө - 2040”-г боловсруулахдаа Шанхай хотын хөгжлийн тэргүүн туршлагын жишгээр, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах болно гэдэгт найдаж байна” гэлээ. 

Тус уулзалтад Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань нар оролцов.