Ажлын төлөвлөгөөний дагуу БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2026-2027 оны хичээлийн жилд 220 хүнд тэтгэлэг олгоно, үүнээс БНХАУ-д суралцаж байгаа бөгөөд үргэлжлүүлэн суралцах 138 хүн, шинээр элсэн суралцах бакалаврын 46 хүн, магистр, доктор, ердийн болон ахисан түвшний мэргэжил дээшлүүлэх 36 хүмүүст тэтгэлэг олгоно. Дараах байдлаар зохицуулагдана.
Нэг. Тавигдах шаардлага
1. Хүсэлт гаргагч нь Монгол Улсын иргэн байх, бие, сэтгэцийн хувьд эрүүл байх.
2. Нас, боловсрол, хэлний мэдлэгийн шаардлага:
-Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, сурлагын дүн сайтай, 25 хүртэлх настай байх.
-Магистрын зэрэгт суралцах оюутан нь бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, сурлагын дүн сайтай, 35 хүртэлх настай байх.
-Докторын зэрэгт суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, сурлагын дүн сайтай, 40 хүртэлх настай байх.
-Ердийн мэргэжил дээшлүүлэгч нь элсэх үедээ бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 45 хүртэлх настай байх.
-Ахисан түвшний мэргэжил дээшлүүлэгч нь элсэх үедээ магистр болон түүнээс дээш зэрэгтэй эсвэл дэд профессор болон түүнээс дээш цолтой, 50 хүртэлх настай байх.
3. 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн, Хятадад бакалаврын зэрэгт хүсэлт гаргагч нь өргөдлөө илгээхээс өмнө "Хятадын Ерөнхий Эрдмийн Үнэлгээний Шалгалт" (цаашид CSCA гэх)-ыг заавал өгөх шаардлагатай. CSCA шалгалтын танилцуулга болон бүртгэлүүлэх зааврыг www.csca.cn хаягаар орж үзнэ үү.
4. Суралцах мэргэжлийн хичээл нь хятад хэл дээр байх магистр, докторын оюутан нь Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын HSK-4 түвшинтэй байх, ердийн болон ахисан түвшний мэргэжил дээшлүүлэгч нь HSK-3 түвшинтэй байх, ердийн мэргэжил дээшлүүлэгч нь хятад хэл суралцахаар хүсэлт гаргасан бол дээрх хэлний түвшин шаардлагагүй, өмнө нь хятад хэлээр боловсрол эзэмшсэн, Хятадын их дээд сургуулийн диплом авсан бол холбогдох нотолгоог өгөх шаардлагагүй.
5. Хүсэлт гаргагч нь суралцахыг хүссэн Хятадын их дээд сургуулийнхаа талаар нарийвчлан судалж сургуулиа сонгон, бүртгэлийн мэдээллийг үнэн зөв бөглөх ёстой.
6. Хүсэлт гаргагч нь өөрийн сонгосон сургуулийн элсэлт хариуцсан хэлтэстэй холбогдон элсэлтийн урилга эсвэл элсүүлэх хүсэлтэй байгааг гэрчлэх баримт бичгийг авна. Хүсэлт гаргагч нь хамгийн багадаа сонгосон сургуулийн аль нэгний элсэлтийн урилга эсвэл элсүүлэх хүсэлтэй байгааг гэрчлэх баримт бичгийг өгөх ёстой. (Тухайлбал, Элсэлтийн урьдчилсан урилга, удирдагч багшийн хүлээн зөвшөөрсөн баримт гэх мэт).
7. Хүсэлт гаргагч нь сонгосон сургуулийнхаа эрдмийн чадвар, хэлний мэдлэг болон бусад холбогдох элсэлтийн шаардлагуудыг нэгэн зэрэг хангасан байх ёстой.
8. Сонгосон сургуульдаа тэнцээгүй хүсэлт гаргагчийг өөр сургуульд шилжүүлэн элсүүлэхгүй.
9. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт суралцагч нь Хятадын бүх шатны Засгийн газар болон элсүүлэн авсан сургуулиас олгодог бусад тэтгэлгийг (нэг удаагийн шагналт тэтгэлэг хамаарахгүй) давхар эдлэхгүй. Хэрэв илэрвэл БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн эрхийг хүчингүй болгож, авсан тэтгэлгийг буцаан төлүүлэх болно. Санхүүгийн дэмжлэгийг зориуд нуун дарагдуулсан тохиолдолд эрхийг нь хүчингүй болгохоос гадна, 3 жилийн хугацаанд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахыг хориглоно.
Хоёр. Бүртгэлийн хугацаа ба материал
Бүртгэл 2025 оны 11-р сарын 10-ны өдрөөс 2026 оны 2-р сарын 1-ний өдрийг дуустал явагдана. хүсэлт гаргагч нь "Study in China" (www.campuschina.org) цахим хуудаст нэвтэрч, бүртгүүлэн, шаардлагатай бүх материалыг системд онлайнаар ирүүлнэ. Элсэлтийн журам болон өргөдөл гаргах шаардлагуудыг "Study in China" цахим хуудаст нийтэлсэн. Дэлгэрэнгүй зааврыг Хавсралт 1-ээс харна уу.
Бүрдүүлэх материал:
1. "БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах өргөдлийн маягт"-ыг (хятад эсвэл англи хэл дээр бөглөнө).
2. Гадаад паспортын эхний нүүр хуудас. Хүсэлт гаргагч нь энгийн паспортынхоо эхний нүүрний тод сканнердсан хуулбарыг ирүүлэх бөгөөд хэрэв одоогийн паспортын хүчинтэй хугацаа нь 12 сараас бага (суралцаж эхлэхээр төлөвлөсөн өдрөөс тооцно) бол шинээр паспорт захиалж, шинэ паспортаар тэтгэлгийн өргөдлийг бөглөнө. Объектив шалтгаанаар өргөдөл гаргахаас өмнө паспорт захиалж чадахгүй байгаа хүсэлт гаргагч нь хүлээн авах байгууллагын зөвшөөрлөөр, өөрийн "Англи хэлээр нэр, хүйс, иргэншил, төрсөн огноо" зэрэг мэдээллийг агуулсан хүчинтэй үнэмлэх эсвэл баталгааны бичиг баримтыг ирүүлж болно.
3. Боловсролын зэргийн гэрчилгээг Нотариатаар баталгаажуулсан байх. Хэрвээ хүсэлт гаргагч нь сургуульд сурч байгаа бол өөрийн сургуулиас олгосон урьдчилж төгсөх гэрчилгээ эсвэл сурч байгаа тодорхойлолт өгөх ёстой.
4. Дүнгийн хуулбар. Бүх бичиг баримтыг хятад эсвэл англи хэл дээр орчуулан нотариатаар батлуулан эх хувийн хамт хавсаргах.
5. Хэлний мэдлэгийн батламж. Хятад хэл дээр суралцах магистр, доктор, энгийн болон ахисан түвшний мэргэжил дээшлүүлэгчид шаардлагад нийцсэн, хүчинтэй HSK шалгалтын дүнгийн хуудсыг ирүүлнэ. Гадаад хэлээр суралцах хүсэлт гаргагч нь сургуулийн шаардлагын дагуу IELTS эсвэл TOEFL-ийн дүнгийн хуудас зэрэг хэлний мэдлэгийн холбогдох баримтыг ирүүлнэ.
6. CSCA шалгалтын дүнгийн хуудас. Бакалаврд суралцахаар хүсэлт гаргагч нь бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө CSCA-д бүртгүүлж, хүчинтэй дүнгийн хуудас авсан байх ёстой (2026 оны 9-р сард элсэхээр хүсэлт гаргагч нь 2025 оны 12-р сарын 21 эсвэл 2026 оны 1-р сарын 25-ны CSCA шалгалтад бүртгүүлсэн байх). Хүчинтэй дүнгийн хуудсыг системд байршуулна. CSCA шалгалтын дүнгийн хуудас нь их дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын зайлшгүй шаардлагатай материалын нэг юм. Хүсэлт гаргаж буй мэргэжилд шаардлагатай заавал өгөх шалгалтыг өөрийн хүсэлт гаргаж буй их дээд сургуулиас лавлаж асууна.
7. Урьдчилсан элсэлтийн материал. Хятад улсад суралцахаар хүсэлт гаргагч нь сонгосон сургуулиас гаргасан урьдчилсан элсэлтийн материал (үүнд олон улсын оюутны элсэлтийн хэлтсээс гаргасан урьдчилсан элсэлтийн батламж, эсвэл тэнхим, удирдагч багшийн урилгын захидал зэрэг)-ыг ирүүлнэ.
8. Суралцах төлөвлөгөө эсвэл судалгаа хийх төлөвлөгөө. Бакалаврын оюутнууд 200-аас доошгүй, мэргэжил дээшлүүлэгчид 500-аас доошгүй, магистр, докторын оюутнууд 800-аас доошгүй үгтэй, Хятад эсвэл Англи хэлээр бичнэ.
9. Тодорхойлох захидал. Магистр, докторын зэрэгт суралцах оюутнууд профессор, дэд профессороос авсан хятад эсвэл англи хэл дээр бичсэн хоёр тодорхойлох захидал ирүүлнэ.
10. Ур чадварын бүтээл. Урлаг, дизайн гэх мэт мэргэжлээр суралцах хүсэлтэй хүмүүс "Бүтээл /бусад туслах материал"-аар дамжуулан ур чадварын бүтээл (бичлэг, зураг, хар зураг гэх мэт) байршуулж болно, эсвэл өргөдөл гаргаж буй сургуулийн шаардлагын дагуу өөр аргаар өгч болно.
11. Хүсэлт гаргагч нь 18 нас хүрээгүй бол Хятад дахь хууль ёсны асран хамгаалагчийн холбогдох хууль ёсны баримт бичгийг бүрдүүлж ирүүлэх.
12. Хятадад 6 сараас дээш хугацаагаар суралцах хүсэлт гаргагч нь "Гадаадын иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас"-ын хуулбар (эх хувиа өөртөө хадгална, энэхүү хуудсыг Хятадын эрүүл ахуйн хяналтын байгууллага нэгдсэн журмаар хэвлүүлсэн, Англи хэлээр бөглөх шаардлагатай)-ыг ирүүлнэ. хүсэлт гаргагч нь "Гадаадын иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас"-д заасан шаардлагын дагуу үзлэгт хамрагдах ёстой. "Гадаадын иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас" дутуу, цээж зураг наагаагүй эсвэл зурган дээр тамга дараагүй, эмчийн гарын үсэг, эмнэлгийн тамга/тэмдэггүй бол хүчингүй болно. Уг шинжилгээний хуудас нь 6 сарын хугацаанд хүчинтэй байна.
13. Цагдаагийн тодорхойлолт: хүсэлт гаргагч нь тухайн орон нутгийн Цагдаагийн газраас олгосон гэмт хэргийн бүртгэлгүй, ял шийтгэлгүй нь үнэн болох тодорхойлолт ирүүлнэ. Хүсэлт гаргахаас өмнөх 6 сарын доторх тодорхойлт байх.
Анхаарах зүйлс:
1. Хятад, Англи хэлнээс бусад хэл дээрх өргөдлийн материалыг заавал Англи хэл дээр орчуулан илгээх ёстой.
2. Системд илгээсэн материал нь тод харагдах, үнэн зөв, хүчинтэй байх ёстой. хүсэлт гаргагч нь шаардлагатай баримт бичгүүдийг сканердахдаа мэргэжлийн тоног төхөөрөмж ашиглахыг зөвлөж байна. Материал тод бус эсвэл уншигдах боломжгүйгээс үүдсэн үр дагаврыг хүсэлт гаргагч өөрөө хариуцна.
Гурав. Бичгийн шалгалт, ярилцлага
Бүртгүүлсэн материалуудыг шалгаж дууссаны дараа Элчин сайдын яамнаас цахим шуудангаар хүсэлт гаргагчдад шалгалтын хуваарийг мэдэгдэх болно. Шалгалтын хуваарийн мэдэгдлийг цаг тухайд нь авах үүднээс хүсэлт гаргах үедээ байнгын нээлттэй холбоо барих хэрэгслээ бөглөнө үү. Шаардлага хангаагүй материал ирүүлсэн хүмүүсийг шалгалтад оролцуулахгүй болохыг анхаарна уу.
Хавсралтад:
1. Өргөдөл гаргагчийн системд бүртгүүлэх заавар (Хятад, Англи хэлээр)
2. CSCA Хятад/Англи хэлний дүнгийн хуудас (Оюутны хувилбарын загвар) (Хятад, Англи хэлээр)
3. Гадаадын иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас (Хятад, Англи хэлээр, сканнердаж, хуулбарлан ашиглаж болно)
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
2025 оны 11-р сарын 13-ний өдөр